Өчигдөр орой ажилаа дуусчихаад ойрд уулзаагүй хөөрхөн найзтайгаа жаал алхсан юм. Гадаа ч сайхан байсныг хэлэх үү, ойрд уулзаагүйг дурдах уу нэлээн алхлаа.
Тэгсэн чинь манай найз нийгэм шал өөр болчихсон бас даралт ихтэй байнаа гээд л эхэллээ. Үнэхээр ч гудамжинд хүүхэд насныхаа сайхан дурсамж болгон хамаагүй, чөлөөтэй цангинасан хүүхдийн инээд сонсогдохоо больжээ. Нүүрэндээ аз жаргал тодроод нүдэнд нь гал гэрэлтсэн хүүхдийн тэр ертөнц бараг л нийгмийн ядуурал, дарамт доор алга болчихсон юм шиг.
Учираа мэдэхгүй бүүр жаахан хүүхдүүд л ээжийгээ харж баясан дуу алдаж хөхөрч байх шиг. Тэгвэл ухаан орсон хэд нь аль хэдийнээ мөнгө, маргаашийн талхандаа санаа зовоод эхэлчихсэн. Эцэг эх нар нь ч амьдарлаа гэхээс хүүхдээ гэх нь багассан юм шигээ. Ажил ажил гээд завгүй хүүхдүүддээ хүссэн ч хангалттай цаг зарчуулж чаддаггүй.
Намайг багад аавын минь орой болгон ярьж өгдөг байсан үлгэр, хамт хичээл хийдэг байсан үеүүд гээд л хамгийн сайхан дурсамжууд маань одоо ч намайг аз жаргалтай байлгадаг. Тэрэн шиг би ч гэсэн одоо бага дүүдээ хүүхэд насных нь сайхан дурсамжуудыг үлдээх гэж чадахаараа л хичээж байх шив дээ. Хүүхдийн баяр, үлгэр ярих, хамт алхах, хоол хийхийг заах гээд л.
Гудамжинд ТВ зар тарааж байгаа хүүхдүүдийн мэдээг нь авахгүйгээр зүгээр л 100 төгрөг өгдөг болоод байгаа. Хэдийгээр их мөнгө биш ч гэсэн тэрхэн үедээ баярлаг дээ. Хүүхдийг инээлгэмээр байнаа. Тэд чинь ирээдүй бас хамгийн гэгээлэг өнгө шүү дээ уг нь.

Сэтгэгдэл бичих